2010-05-09
Хүний наймааны золиос болсон охид амиа хорлож байна.
Цэвэр ичимтгий гэгддэг монгол охид өдрөөс өдөрт хү­ний наймааны золиос болсоор байна. Энэхүү далд бизнесийн сүлжээ манай оронд улам бүр хүчтэй нэвтэрч, хүрээгээ тэлсээр байна. Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр цөөхөн хүн амтай манай улсыг аймшигт хар салхи мэт хүний наймаа айдаст автуулсаар байгаа юм. Манай орон Хятад улсаас өмсөх зүүх, идэж уух гээд бүх л төрлийн бараа, бүтээгд­эхүүнээ хангадаг. Харин хариуд нь монгол охидын маань ариун биеийг хятад эрчүүд эрхшээлдээ оруулсаар байна. Жирийн хүний нүдэнд үл анзаарагдам хүний наймааны нууцлаг ертөнц аалзны тор мэт манай орныг бүрхэж байгаа юм. Хүний наймаа гэж хэвлэл, мэдээллээр өдөр алгасалгүй ярьж, ард иргэдэд түгшүүрийн дохио өгсөөр байгаа. Гэвч энэ бүхнийг үл тоомсорлон азгүй нэг нь л баригдаад явдаг биз хэмээн хайхрамжгүй явсан охид, эмэгтэйчүүд хүний наймааны золиос болон хоцорч байна. Цаашлаад энэ хууль бус үйлдлийг улам давраах юм бол монгол цус, монгол ген устаж алга болох аюулд хүрэх юм. Харийн оронд биеэ үнэлдэг охид зугтан ирэх тохиолдол бараг байдаггүй гэнэ. Цэцэг адил дэлгэрч явах насандаа хүний нутагт харанхуй өрөөнд хоригдон, орой болгон түгшүүртэй хонон, эх орноо санаж нууцхан уйлж суугаа тэдгээр эмэгтэйчүүд уг нь Монгол Улсын иргэн юмсан.

Гэвч харгис хэрцгий эздэд дарамтлуулан, эмэгтэй хүн болж төрсөндөө гутран, хувь заяандаа харамсан суугаа тэдгээр эмэгтэйчүүд эх орон, эцэг эхдээ очихыг хүсч суугаа нь ойлгомжтой. Эрээн, Замын-Үүд хоёрын хооронд явдаг наймаачдын яриаг сонсоод энэ бүх зүйлийг бичихгүй байхын аргагүй санагдлаа. Хятад улсад янз бүрийн шалтгаанаар хууртагдан очсон 3000 орчим монгол охид, эмэгтэйчүүд байдаг нь батлагдсан. Тэд эх нутагтаа амьд мэнд, эрүүл саруул очихын тулд эзнийхээ үгэнд боол мэт орж, ид хийж бүтээх залуу насандаа хар дурсамжтай хоцорч үлдэж байна. Тэд хааяа нэг монгол залуустай таарахаараа эх орондоо очсон юм шиг баярлаж “Намайг аваад яваач” гэж гуйдаг байна. Даанч Эрээнд очсон тэдгээр эмэгтэйчүүдийн бичиг баримтыг хятад эзэд нь хураан авч устгадаг ажээ. Тэнд очсон монгол залууст бие үнэлж байгаа хүүхнүүд бү­хий л зовлонгоо ярьдаг байна. Мөн гэр бүл рүүгээ захиа өгүүлмээр байна гэж хүртэл гуйдаг гэнэ. Гэвч тэдгээр хүүхнүүдийн азгүйг гайхан шоолон өнгөрдөг монгол залууст өрөвдөх сэтгэл алга байгааг харуулж байгаа юм. Гэрээ санаж дарамтаас залхсан хүүхнүүд амиа хорлох нь их байдаг гэнэ. Түүгээр зогсохгүй эдгэшгүй хүнд өвчин туссан эмэгтэйчүүдийн хэлийг тайрч, нүдийг нь сохлон, бие эрхтнийг нь тахир дутуу болгоод ядуусын хороололд аваачин зардаг байна. Та бид хүний най­­мааг нэг л өдөр гэв гэнэт гарч ирдэг гэж ойлгодог бол том эндүүрэл ажээ. Хүний наймаачдад охид, эмэгтэйчүүдийг аваачиж өгдөг монгол залуус олон байдаг гэнэ.

Үерхдэг найз охиноо гэр орныхонд нь мэдэгдэлгүй авч яваад хүний наймаачдад зарсан тохиолдол ч гарч байжээ. Харийн оронд байгаа эмэгтэйчүүдйин нэг өдөр ямар айдас түгшүүртэй өнгөрдгийг бид мэдэхгүй. Тиймээс бид энэ бүхнийг таслан зогсоохын тулд харийн оронд биеэ үнэлж байгаа охид, эмэгтэйчүүдээ эх нутагт нь эргэн авчрах шаардлагатай байна. Тэдний алдаж эндсэн хувь заяаг хог мэт үзэхгүй байх хэрэгтэй. Мөн гадаадын порно кино хийдэг этгээдүүд манай орны сул талыг ашиглан насанд хү­рээгүй охидыг порно кинонд тоглуулан түүгээрээ бизнес хийж байна. Хийсэн бичлэгээ Нийслэлийн зах, дэлгүүрүүдийн кино зардаг газруудаар ширхгийг нь 2000 төгрөгөөр зарж өөрсдийн хийсэн бохир үйлдлээ гайхуулж охидоор нь тоглож, залуусыг нь доромжлон басч байгаа юм. Бид дуугүй хараад суусаар байгаад охид, эмэгтэйчүүдээ хүний наймаанд алдаад дуус­лаа. Тиймээс хүчээ нийлүүлэн тэмцэх цаг нь болжээ. Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдэд буруу өгөхөөсөө урьтан тэднийг яагаад, ямар шалтгаанаар ийм байдалд орж байгааг нь бодож үзэх хэрэгтэй. Нийгэмд муу муухай зүйл өргөжин тэлж хүчээ авахаас нь өрсөж, хүний наймаа, биеэ үнэлэгчдийн мафийн сүлжээ, хар тамхи зэргийг устгах хэрэгтэй байна. Харийн оронд биеэ үнэлж яваад улмаар өвчин тусч бусдын гарт эндсэн, амиа хорлосон эмэгтэйчүүдийн шарил хүний нутгийн газар доор хог мэт булагдан эх орноо үгүйлж байгаа байх даа. Тэдгээр эмэгтэйчүүдийг эх оронд нь авчирч, эрх чөлөөтэй болговол яасан их баярлах бол доо.
Бичсэн: has_gerel | цаг: 10:47 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax